СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 8 БАГ | ДУГААР 5

Jun 16, 2023

“ХОТЫН ТӨВИЙН ЗАМ АШИГЛАСНЫ ТАТВАР АВАХ ШААРДЛАГАТАЙ”

Лондон, Милан зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хотын төвийн зам ашигласны татвар авдаг. Энэ нь замын түгжрэл, агаар орчны бохирдол гэдгийг шийдэх зорилготой. Харин Улаанбаатар хотод 662 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 226 мянга нь өдөр бүр нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцдог. Өнөөдөр 20+ насны 3 хүн тутмын 2 нь машинтай гэсэн тооцоолол гарчээ. Сүүлийн 20 жилийн дотор хүн ам 2 дахин өссөн байхад, машины тоо 5 дахин өсжээ. Гэвч Улаанбаатарын замын тоо энэ хугацаанд 20 хувиар л нэмэгдсэн юм. Иймд нийслэлчүүд өдөрт дунджаар 2 цаг буюу жилд 35 өдрийг замын түгжрэлд өнгөрөөж байна. Улаанбаатарын замын хөдөлгөөний дундаж хурд 13км/ц буюу олон улсад үүнийг 0 зогсолт гэж үздэг байна. Энэ хурд 2030 он гэхэд 6км/ц буюу хүний алхах хурдтай тэнцэнэ гэсэн судалгааг засгийн газраас танилцуулжээ. Татвар авах нь үнэхээр түгжрэл бууруулах оновчтой шийдэл мөн үү?

Hexagon болон Алтан Гэрэгэ багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.


“НИЙСЛЭЛИЙГ НҮҮЛГЭХ НЬ ЗӨВ”

Хот орчмын нутагт суурьшлын нягтрал, хүн амын өсөлттэй холбоотойгоор тогтмол нэмэгдэж байдаг. Өнөөдөр 1,6 сая хүн амьдарч байгаа манай улсын нийслэл 2040 он гэхэд 2,2 сая хүн амтай болно гэж тооцоолжээ. Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, хот төлөвлөлт нь олон жилийн турш ноцтойгоор яригдаж ирсэн асуудал юм. Сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын төлөвлөлт тэр чигээрээ уналтад орсон гэж хэлж ч болно. Хүн амын нягтрал, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүнийг харж болно. Харин энэ байдлаас гарахын тулд нийслэлийг нүүлгэх нь зөв гэж олон нийт болон мэргэжилтнүүд үзэл бодлоо илэрхийлсээр ирсэн юм. Гэвч нөгөө талд Улаанбаатарыг нүүлгэх биш харин статусыг нь нүүлгэх хэрэгтэй гэх хүмүүс ч цөөнгүй бий. Нэгэнт тогтсон нийслэлийг нүүлгэх нь үнэхээр зөв шийдэл үү, эсвэл өөр шийдэл, гарц бий юу?

Кактус болон Justice багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.