СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 4 БАГ | ДУГААР 12

Jul 1, 2023

Нийтлэлийн энэ удаагийн дугаараар бид "МУ-Д НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИЙМТГЭЛЭЭСЭЭ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТӨЛӨХ НЬ ЗӨВ, МУ-Н МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМД ШИЛЖИХ НЬ ЗӨВ" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

МУ-Д НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИЙМТГЭЛЭЭСЭЭ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ТӨЛӨХ НЬ ЗӨВ

Дэлхийн улс орнууд хуримтлалын тогтолцоо руу шилжиж хувийн тэтгэврийн сангуудын үйл ажиллагааг дэмжих хандлага ихэсжээ. Ингэснээр улсын тэтгэврээс гадна олон эх үүсвэрээс нэмэлт тэтгэвэр авах боломжтой болох юм. Дэлхийд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлсэн 30 гаруй улс бий. Манай улсын хувьд одоо үйлчилж буй тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай, учир дутагдалтай хэмээн үзэж энэ талаар хэлэлцээд багагүй хугацааг өнгөрсөн. Учир нь одоогийн нөхцөлд насаараа хөдөлмөр эрхэлсэн атлаа тэтгэвэрт гарсан хойноо хуримтлалгүй, авч буй тэтгэврийн мөнгө нь амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй, банкнаас зээл авч амьдрах ахмадууд элбэг байна. Эсвэл улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэвэр авах тогтолцоог бий болгож ирээдүйд олон эх үүсвэрээс авах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж зарим хэсэг нь үзэж байгаа юм. Гэвч хувийн тэтгэврийн санд иргэн нийгмийн даатгалын шимтгэлээсээ төлж эхэлснээр одоо алдагдалтай байгаа санд улам их ачаалал үүснэ. Төсвийг бүрдүүлж байгаа татвар төлөгчдийн нуруунд эргээд ачаалал үүрүүлнэ гэж үзэх хэсэг иргэд ч байна. Иргэн нийгмийн даатгалын шимтгэлээсээ хувийн тэтгэврийн санд төлөх нь зөв үү? эсвэл буруу юу?

Hexagon болон Түмэнтэнгэр багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

МУ-Н МЭРГЭЖЛИЙН УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧИМД ШИЛЖИХ НЬ ЗӨВ

Нийслэл болон 21 аймагт соёл урлагийн соёлын төв, театр, номын сан гэх мэт улсын хэмжээнд 400 гаруй байгууллагад 7000 гаруй хүн ажиллаж байна. Улсын хэмжээний дундаж цалин Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 1,2 сая төгрөг байгаа юм. Харин соёл, урлагийн салбарын дундаж цалин 2022 оны байдлаар 760 мянган төгрөг байгаа юм. Ийм учраас мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдийн соёлын байгууллагад ажиллах сонирхол нь буурч, гадагш гарч ажиллан улмаар энэ салбар боловсон хүчний дутагдалд орсоор байна. Улсын харьяалалд байгаа уран бүтээлчид эсэргүүцлээ илэрхийлэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, цалингаа нэмэгдүүлэхийг эрх баригчдаас шаардаж жагсаал хүртэл хийж байсан удаатай. Үндэсний соёл урлагаа хамгаалан, хөгжүүлж хойч үедээ уламжлан үлдээж, дэлхийд сурталчлан таниулахаар зүтгэж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагынхныг улсаас зохих хэмжээнд үнэлэх ёстой. Гэхдээ ямар хэмжээнд вэ? Эсвэл мэргэжлийн урлагийн байгууллагуудыг зах зээлийн зарчимд шилжүүлэх нь зөв үү?