СЭДВИЙН ТОЙМ: ШИЛДЭГ 16 БАГ | ДУГААР 3

Jun 14, 2023

Нийтлэлийн энэ удаагийн дугаараар бид "БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ АШГИЙН БУС БАЙХ ЁСТОЙ, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ЗӨВ, АВЛИГА БОЛ МАНАЙ УЛСЫН ТУЛГАМДАЖ БУЙ ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ МӨН" хэмээх сэдвүүдийг хөндөж байна.

“БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ АШГИЙН БУС БАЙХ ЁСТОЙ”

Хуулийн этгээд нь ашгийн төлөө болон ашгийн бус зорилготойгоор үйл ажиллагаа явуулж болох талаар Монгол улсын Иргэний хуулийн 25.2-т заасан байдаг. Харин боловсролын байгууллага энэ сэдвийн хүрээнд үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Тодруулбал Монгол улсын үндсэн хуульд “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заадаг. Гэвч төрийн харьяанд байгаа ерөнхий боловсролын сургуулиуд болон хувийн сургуулиудын хооронд чанарын асар их ялгаа байдгийг иргэд нийгмийн сүлжээнд харьцуулсаар ирсэн. Хүн бүр тэгш боловсрол эзэмших ёстой юу? Ийм боломж үнэхээр бий юу? 

Ингүүмэл болон Ankhil багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

“УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ЗӨВ”

Хүндээ юу? Тогтолцоондоо юу? гэдэг асуулт хэзээнээс л улс төрчдөөс асуудаг хамгийн түгээмэл асуултын нэг хэдий болсон ч одоог хүртэл тодорхой хариултгүй хэвээр байна. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар гишүүдийн тоог 2 дахин нэмэх, эсвэл 126 болгох тухай асуудал иргэдийн дунд хүчтэй талцал төрүүлсээр байсан. Харин УИХ 126 гишүүнтэй байх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг тавдугаар сарын 31-ний өдөр УИХ-аар баталсан билээ. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болсон юм. Ардчиллын суурь зарчмуудын нэг болох төлөөллийн ардчилал талаас тоог нэмэх нь зөв, мөн энэ нь авлига, хууль бус үйлдлийн системийг цөөн хэдэн хүний гарт төвлөрүүлэхээс сэргийлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ч нөгөөтээгүүр үзэл баримтлалыг чухалчлахгүйгээр, хууль тогтоогчийн чанарыг сайжруулахгүйгээр тоог нэмэхэд өөрчлөлт авчрахгүй гэсэн шүүмжлэл ч мөн цөөнгүй байгаа. Хүндээ юу? Тогтолцоондоо юу?

Debate Doping болон Гэрэгэ-1 багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.

“АВЛИГА БОЛ МАНАЙ УЛСЫН ТУЛГАМДАЖ БАЙГАА ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДЛУУД МӨН”

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудад авлигын тухай хууль, зохицуулалт чанга байх тохиолдол их. Зарим шинжээчид авлигын асуудал бол аливаа улсыг хөгжлөөс нь хойш татдаг хамгийн чухал асуудал хэмээн үздэг. Улс орнуудын жил тутмын авлигын индексийг гаргадаг Transparency International байгууллагын 2023 оны нэгдүгээр сард гаргасан тайлан үзүүлэлтээр манай улс авлигалын индексээр 180 орноор 116-р байранд жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт болсон юм. Авлигын систем бидний нүднээс далд явагдаж байдаг. Авлигаас болж улс төрийн нам, шүүх зэрэг чухал институтүүдэд итгэх иргэдийн итгэл жилээс жилд алдарсаар байна. Авлига манай улсын тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал мөн үү?

Хүчтэй Хамтдаа Хүмүүнлэг болон Шинэ Хуудас багууд бидний үргэлж талцаж, хэлэлцэж байдаг уг сэдвээр мэтгэлцэгчид маань хэрхэн санаа бодлоо уралдуулж бодит гаргалгаа гаргахыг ЭНД дарж үзээрэй.