ТАНИЛЦ: Уйдах завгүй өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох дүрэм

Jun 12, 2023

“Үндэсний мэтгэлцээний лиг” оюуны реалити шоуны дүрэмтэй танилцахаас өмнө мэтгэлцээний талаарх төсөөллөө түр орхиорой. Учир нь цоо шинэхэн дүрэм, форматтайгаар зохион байгуулагдаж буй уг тэмцээн оролцогчдын төдийгүй үзэгч та бүхний сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.

Ингээд шинэчилсэн дүрмийн гол хэсгүүдийг тоймлон хүргэж байна. 

Багийн ажиллагаа: 5 VS 5 

5 VS 5 гэхээр E-Sport эсвэл сагсан бөмбөг санагдаж магадгүй. Мэтгэлцээн яагаад спорт шиг сонирхолтой байж болохгүй гэж?

Багууд тус бүр 5 гишүүнтэй байх бөгөөд өөрсдийн гэсэн онцгой үүрэгтэй тул оролцогчдоос багийн ажиллагаа, нэгдмэл байдлыг ихээхэн шаардах болно. Багийн гишүүд:

  • Дасгалжуулагч: Багийн зохион байгуулалт, тактик зэрэг бүхий л түвшинд зөвлөгөө өгч ажиллана.

  • Судлаач: Тухайн мэтгэлцэх сэдвийн хүрээнд багийн гишүүдээ оновчтой мэдээллээр хангах, тоглолтын үед нэг удаа мэдээлэл дамжуулах эрхтэй.

  • Багийн ахлагч: Тэмцээний туршид багаа манлайлах, богино хугацаанд багаа ялалтад хүргэх оновчтой шийдлийг олох үүрэгтэй.

  • Үндсэн тоглогч: Багийн ахлагчтай хамт тоглолтод оролцох бөгөөд эсрэг багийн дэвшүүлсэн санаа, няцаалт, аргументийг оновчтой дүгнэх үүргийг гүйцэтгэнэ.

  • Сэлгээний тоглогч: Багийн ахлагч, дасгалжуулагчийн шийдвэрээр тоглолтод нэг удаа сэлгээ оруулах боломжтой бөгөөд эгзэгтэй үед хүч нэмэх гол тоглогч юм.

Оюуны хурд: 26 минутад нэг тоглолт

Уламжлалт мэтгэлцээний үргэлжлэх /45 минут/ хугацааг багасгасан бөгөөд оролцогч багуудад санаагаа оновчтой илэрхийлэх 26 минут бий. Богино хугацаанд хурдан сэтгэж, оновчтой шийдлийг гаргасан баг эсрэг багтаа цохилт өгч ялалт байгуулна.

  • Сэдвүүдийг өмнөх тойрогт сугалж, эсвэл оноож багуудад олгоно.  

4 минут | Засгийн газрын ерөнхий сайдын үзэл баримтлалын илтгэл
5 минут | Сөрөг хүчний удирдагчийн үзэл баримтлал, няцаалтын илтгэл

5 минут | Засгийн газрын гишүүний дэмжлэгийн болон няцаалтын илтгэл

5 минут | Сөрөг хүчний гишүүний дэмжлэгийн болон няцаалтын илтгэл 

  • Шүүгчид нэгдүгээр шатны ялагч багийг зарлана.

3 минут | Сөрөг хүчний удирдагчийн дүгнэлтийн илтгэл

4 минут | Засгийн газрын ерөнхий сайдын дүгнэлтийн илтгэл

  • Шүүгчид оноо өгч, нийлбэр дүнгээр ялагчийг зарлана.

Ийнхүү нэгдүгээр үе 19 минут, хоёрдугаар үе 7 минут үргэлжилж шүүгчид үе бүрийн дараагаар 0, 1, 2 гэсэн оноог багуудад өгнө.

Оноо тэнцсэн тохиолдолд яах вэ?

Хэрэв багуудын оноо тэнцсэн тохиолдолд үндсэн 3 шүүгчийн нийлбэрээр ялагчийг тодруулна. Үндсэн 3 шүүгчийн оноо тэнцсэн тохиолдолд шүүгчид өөрийн хүсэлтээр хоёр багаас асуулт асууж, хариулт авч эцсийн шийдвэрийг гаргана.

Завсарлага

Тоглолтын хугацаанд дасгалжуулагч 1 минутын бэлтгэлийн үе авах эрхтэй бөгөөд судлаач гишүүн тоглолтын аль ч цагт интернэт ашиглан мэдээлэл цуглуулах эрхтэй. Энэ эрхийг хэдэн ч удаа хувааж авах боломжтой ба тоглолтын аль ч цагт индэр дээрх гишүүд рүүгээ тэмдэгтийн тоо харгалзахгүйгээр 3 удаа мессеж илгээх эрхтэй.

Чалленж-ийн тухайд

Багууд тоглолтын турш 2 удаа чалленж авч эсрэг багийн гишүүнээ сорих боломжтой. Асуулт асуух хугацаа 15 секунд, асуултад хариулах хугацаа 1 минут байна.

Ил тод, шударга шүүлт: Үе бүрт оноо цуглуулна

Мэтгэлцээний тэмцээнд хамгийн ихээр маргаан дагуулдаг зүйл бол шүүгчдийн үнэлгээ, шүүлтийн арга барил билээ. Учир нь оюуны өрсөлдөөн тэр дундаа хоёр үзүүртэй зүү шиг мэтгэлцээний агуулгыг шүүж, ялагчийг тодруулна гэдэг шүүгчдээс өндөр ур чадвар шаардах нь зайлшгүй. Тиймээс шүүлтийг шударга, ил тод болгох үүднээс дараах зарчмыг баримталж байна. 

  • Шүүгчдийн бүрэлдэхүүн: Тэмцээн үндсэн 3 шүүгчтэй бөгөөд мэтгэлцээний сэдвээс хамаарч 1 зочин шүүгчийг зохион байгуулагчдын зүгээс урилгаар оролцуулна. 

  • Онооны систем: Үе тус бүрд шүүгчид 0-2 хүртэлх оноог өгөх бөгөөд танхимд нээлттэй зарлана.

Ингэснээр нээлттэй ил тод шүүлтэд үндэслэн багууд богино хугацаанд оновчтой өөрчлөлт хийх боломжтой юм.

Энэхүү дүрэм нь Монгол төдийгүй олон улсад байхгүй зохион байгуулалт, дүрмийн шинэхэн формат тул оролцогч болоод үзэгч та бүхнийг нэвтрүүлгийн турш төрөл бүрийн санаа шийдэл, сэтгэл хөдлөл, сонирхолтой бодлуудаар хөглөнө гэдэгт итгэлтэй байна. 

“Үндэсний мэтгэлцээний лиг” оюуны реалити шоу Баасан, Бямба, Ням гарагийн 20 цагаас ТэнГэр телевизээр…